Танилцуулга


Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв нь монгол улсын засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, нийслэлийн засаг даргын 1998 оны а/40 тоот захирамжийг үндэслэн баянгол дүүрэгт албан бус боловсролын “гэгээрэл хөгжлийн төв” байгуулах тухай захирамж 1998 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/83 тоот захирамжаар байгуулагдсан. 2013 - 2014 оны хичээлийн жилээс эхлэн боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12-р сарын 13 ны өдрийн а/1102 тушаалаар баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба одоогийн захирлаар Монгол улсын зөвлөх багш  Б.Гэрэлгуа ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилээс боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12-р сарын 13-ны өдрийн А/1102 тушаалаар Баянгол дүүргийн насан туршийн боловсролын төв, 2023.07.01-ний өдрөөс Насан туршийн суралцахуйн төв нэртэйгээр  26 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогийн захиралаар Монгол улсын зөвлөх багш Гэрэлгуа ажиллаж байна.

Эрхэм зорилго: Хүн бүрд чанартай боловсрол эзэмших, тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.

  • Бүх насны иргэдийг албан, албан бус боловсрол, амьдралын орчинд суралцах эрх тэгш боломжийг бүрдүүлэх, боловсрол, сургалтын нээлттэй, уян хатан, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим системийг, контентын санг үе шаттай нэвтрүүлэх;
  • Иргэд насан туршдаа суралцахад дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлэх үндсэн чиг үүрэг бүхий институцийн тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах;
  • Иргэдийн насан туршдаа суралцахуйд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн тогтолцоог бусад салбартай хамтран бэхжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн санхүүгийн дэмжлэгийг бий болгох;
  • Насан туршдаа суралцах боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;
  • Иргэд албан бус боловсролоор мөн амьдралын орчинд бие даан суралцаж эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг хүлээн зөвшөөрөх, албан боловсролын үр дүнтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох талуудтай хамтран хамтран зохион байгуулах;
  • Иргэдийн насан туршдаа суралцахуйн удирдлага мэдээллийн системийг хөгжүүлэх, иргэдийн суралцахуйг мөшгөдөг болох.

Алсын хараа: Харьяа дүүргийн иргэдийн мэдлэг боловсрол, аж төрөх ухаан, амьжиргааг дэмжих ур чадварыг Насан туршийн суралцахуйгаар дамжуулан олгож  Дэлхийн суралцагч хотуудын нэг болох.

Манай төв нь дараах үндсэн чиглэлүүдээр иргэдэд сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг бие даан болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг:

  • Гэр бүл, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт: Иргэдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор гэр бүлийн тогтвортой байдал, эрүүл харилцаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлээ төлөвлөх, залуу гэр бүлийн амьдралаа зөв зохион байгуулах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох зэрэг тодорхой агуулга бүхий сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
  • Харилцаа, ёс зүйн боловсрол олгох сургалт: Иргэдийн харилцаа, хандлага, ёс зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамт олны харилцаа, ухаалаг харилцааны алхам, ёс зүйн тухай ойлголт зэрэг тодорхой агуулга бүхий сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг.
  • Соёл, гоо зүйн боловсрол олгох сургалт: Иргэдийн соёл, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор уран зураг, хөгжим, урлаг, соёлын тухай ойлголт, дизайн загвар зохион бүтээх, урлах, чимэглэл хийх зэрэг агуулга бүхий сургалт нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.
  • Иргэний эрх зүйн боловсрол олгох сургалт: Иргэдийн эрх зүйн мэдээ, мэдээллийг нэмэгдүүлэх, хууль зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хуулийн бүхий л агуулгуудыг багтаасан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
  • Амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт: Иргэдийн амьдрах ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Амьдрах ухааны модуль сургалтууд, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгээ удирдах, төлөвлөх, хянан сайжруулах зэрэг агуулгын сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг.
  • Тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалт: Иргэдийн тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ухамсарт хандлагатай иргэн төлөвшүүлэх зорилгоор зохистой хэрэглээ, экологийн боловсрол олгох сургалт, ногоон байгууламж нэмэгдүүлэх нөлөөллийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг бие даан болон орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Бичиг үсгийн боловсрол олгох сургалт: Харьяа дүүргийнхээ иргэдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх нийтээр бичиг үсэг эзэмших зорилтыг үндэслэн бичиг үсэг тайлагдаагүй иргэдэд энэхүү сургалтаа зохион байгуулдаг.
  • Боловсрол нөхөн олгох  хөтөлбөрийн сургалт: Энэхүү сургалт нь Насан туршийн боловсролын төвүүдийн голлох үндсэн чиг үүргийн нэг бөгөөд боловсрол эзэмшиж чадаагүй үлдсэн иргэдийн хоцрогдлыг арилгах зорилгоор боловсролыг нөхөн эзэмшүүлэх сургалтыг харьяа дүүргийн бүх насны иргэдэд нээлттэй зохион байгуулж ирсэн.
  • Компьютер, мэдээллийн технологийн сургалт (анхан, дунд шатны): Харьяа дүүргийн компьютерын мэдлэг, ур чадвар эзэмших хүсэл сонирхолтой бүх насны иргэдэд нээлттэйгээр зохион байгуулдаг.
  • Гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалт (анхан шатны англи, хятад хэл): Харьяа дүүргийн гадаад хэлний мэдлэг, ур чадвар эзэмших хүсэл сонирхолтой бүх насны иргэдэд нээлттэйгээр зохион байгуулдаг.
  • Оёдол эсгүүр, дизайн технологийн сургалт: Харьяа дүүргийн оёдол эсгүүр, дизайн технологийн мэдлэг, ур чадвар эзэмших хүсэл сонирхолтой бүх насны иргэдэд нээлттэйгээр зохион байгуулдаг.
  • Үндэсний бичгийн (Монгол бичиг) сургалт: Үндэсний бичгийн хөтөлбөрийг үндэслэн дүүргийн иргэдэд Үндэсний бичгийн сургалт захиалгаар зохион байгуулдаг.
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ: Харьяа дүүргийн иргэдэд цахимаар болон шууд утсаар мэргэжлийн сэтгэл зүйчээр сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байна.
  • Нөлөөллийн ажил: Баянгол дүүргийн Насан Туршийн Боловсролын Төв цахим хуудсаар дамжуулан дээрх бүхий л чиглэл, агуулгын сурталчилгаа, подкаст ярилцлага, видео шторк, видео хичээл, бүх төрлийн постер мэдээллийг нээлттэй хүргэж байна. 
  • Судалгааны ажил: Баянгол дүүргийн хэмжээнд иргэдийн боловсрол эзэмшилт болон сургууль завсардалтын судалгааг хороодтой хамтран гаргадаг мөн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр идэвхтэй хайж буй иргэдийн судалгаа, иргэдийн сургалтын хэрэгцээний судалгаа зэргийг гаргаж судалгаанд үндэслэн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлдэг.
  • Чадамжийн гэрчилгээ олгох сургалтын төв: Манай төв 2021 оноос эхлэн албан ёсоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны чадамжийн гэрчилгээ олгох сургалтууд зохион байгуулах эрх бүхий байгууллага болох ажлыг эхлүүлэн одоогоор Компьютерын операторч, Оёмол бүтээгдэхүүний технологич, Нарийн бичгийн мэргэжилтэн бэлтгэх мөн Хятад, Англи хэл зэрэг чиглэлүүдээр амьжиргааг дэмжих ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрөө боловсруулан эрх авахаар ажиллаж байна.

Дээрх үндсэн чиглэлүүдийн сургалтуудаас дүүргийн иргэд, албан байгууллагуудад захиалгат болон төлөвлөгөөт, цуврал хэлбэрээр зохион байгуулдаг.

Цаашид хүн бүрт хэрэгцээтэй боловсролыг хүссэн цагт нь бололцоотой хэлбэрээр олгож, сургалтын таатай орчныг бүрдүүлэн дүүргийн иргэдийн хэрэгцээнд тохирсон хүний хөгжил төлөвшил, амьдрах ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах, хариуцлагатай хүнлэг, шударга иргэнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг нээлттэй хүртээмжтэй байлгах дээр анхааран ажиллах болно.

Бүх насны иргэдэд зориулсан сургалтыг танхим, цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байна. 2025 оны эхний хагас жил  нийт  1320 удаагийн сургалтад 17565 иргэнийг хамруулсан. 296 удаагийн цахим  нөлөөллийн үйл ажиллагаанд 668,110 иргэнийг хамруулсан амжилттай ажиллаа.